“ФИЛОСОФИЙН ШИНЭ НЭВТЭРХИЙ ТОЛЬ” ОРЧУУЛГЫН БҮТЭЭЛ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Монголын ШУА-ийн Философийн хүрээлэнгээс Боловсрол Шинжлэх ухааны яамнаас санхүүжүүлсэн зорилтот төслийн хүрээнд “Философийн шинэ нэвтэрхий толь” (УБ.:Соёмбо ХХК, 2023 он, 204 х.х) орчуулгын бүтээлийг нийтийн хүртээл болголоо. ОХУ-ын ШУА-ийн Философийн хүрээлэнгээс 2010 онд эрхлэн хэвлүүлж, Төрийн шагнал хүртсэн “Новая философская энциклопедия” 4 боть бүтээлээс түгээмэл хэрэглэгддэг ойлголт, ухагдахуун, категори, нэрт философичдын намтар, философийн урсгалын тухай 1200 гаруй өгүүллийг түүвэрлэн орчуулж нэг ботид эмхэтгэн хэвлүүлэв. 

undefined

Философийн хүрээлэнгийн Философийн салбар толийн орчуулах ажлыг 3 жилийн хугацаанд хариуцан зохион байгуулж, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 44 эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор гүйцэтгэлээ. Төслийн удирдагчаар доктор (Ph.D), профессор Б.Пүрэвсүрэн, төслийн зохицуулагчаар магистр О.Болор-Эрдэнэ, бүтээлийн ерөнхий редактораар доктор (Sc.D), профессор Б.Даш-Ёндон, редактораар доктор (Ph.D), профессор Г.Лодой нар ажилласан байна. 

Редакцын зөвлөлийн гишүүнээр академич Г.Чулуунбаатар, доктор (Sc.D), профессор М.Гантуяа, доктор (Sc.D), профессор Ш.Ариунаа, доктор (Ph.D), профессор Ш.Ганхуяг, доктор (Ph.D), профессор Я.Долгоржав, доктор (Ph.D), профессор Б.Пүрэвсүрэн, доктор (Ph.D), дэд профессор М.Золзаяа, доктор (Ph.D) С.Соёлмаа нар ажиллажээ.

Тус төслийн зохицуулагч ЭША О.Болор-Эрдэнэ нэвтэрхий толь дахь өгүүллүүдийн индексийг орос-монгол хэлээр боловсруулж, доктор (Ph.D), дэд профессор М.Золзаяа толь дахь өрнө, дорнын философийн категори, нэр томьёоны жагсаалтыг орос-монгол хэлээр үйлдэж хавсаргасан байна.

Оросын ШУА-ийн Философийн хүрээлэн тус нэвтэрхий толийг “шинэ” хэмээн тодотгосны учир нь «Өмнөх нэвтэрхий толь Зөвлөлтийн философийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд одоо ч зарим талаар шинжлэх ухааны үнэ цэнээ хадгалсаар байна. Гэхдээ: а) тухайн хэвлэлийн редакцын тэмдэглэлд хэлснээр, тус толь “марксист-ленинист философийг өргөнөөр дэлгэрүүлэхэд нөлөөлөн туслах” зорилготой байсан тул үзэл суртлын амьсгал, хаалт боолт ихтэй байв; б) сүүлийн 30 жилд дэлхий дахинаа философийн шинэ санаа, урсгал, шинэ үеийн философичид гарч ирэв; в) өмнөх дээрээ тулгуурлахдаа үзэл суртлын боогдлоос ангид болгож, философийн мэдлэгийг шинээр тогтолцоонд оруулахыг хичээв; г) шинэ нэвтэрхий толийн зорилго нь дэлхий дахин дахь философийн тухай төсөөллийг ойлголтууд, зохиол бүтээл, түүхэн уламжлал, урсгал, томоохон зохиогчдын алдар нэр зэрэг бүхий л баялгийг орчин үеийн шинжлэх ухааны түвшинд нэгтгэн харуулахыг хичээсэн» хэмээжээ.

Германы философич Г.В.Ф.Хегель “Хүн төрөлхтөн философийн боловсролын үүргийг бүх цаг үед өндрөөр үнэлж ирсэн. Философийн боловсролгүй хүн ард яаж ч тордовч шүтэгчдэд сүсэг төрүүлж чаддаггүй сүм лүгээ адил” гэсэн билээ.   Философийн үнэт зүйлс, янз бүрийн урсгал, үзэл санааг хүлээн зөвшөөрч буй өнөө үед энэхүү орчуулгын нэвтэрхий толь нь философийн сургалт, судалгааны гол хэрэглэгдэхүүн болж, өрнө дорнын сэтгэлгээний нэвтрэлцэхүйг өргөтгөхөд зохих хувь нэмрээ оруулна хэмээн үзэж байна. 

О.Болор-Эрдэнэ

 

Шинэ бүтээл