Т.Дорждагва: Угтаа соёл гэдэг нь хүний хүн байх чанарын үзүүлэлт

Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу? Монголын Философийн холбооны сайт энэ удаа тантай ярилцлага хийхээр боллоо. Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. 

Т.Дорждагва: Сайн байна аа, сайхан намаржиж байна. Та бүхэн амар сайхан намаржиж байгаа биз дээ? Ярилцлагад урьсанд талархаж байна даа.

undefined

Философийн салбарын 60 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ салбарын тэргүүлэх эрдэмтний хувьд салбарын ололт, амжилтын талаар бидэнтэй саналаа хуваалцана уу?
Т.Дорждагва: Та бүхэндээ салбарынхаа 60 жилийн ойн баярын мэндийг хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөж байна. За, манай энэ мэргэжил, мэдлэг чинь угаасаа чухам л нийтлэг чанартайн улмаас аль нэг тодорхой салбартай харьцуулшгүй онцлогтой юм. Философичид бид хүн төрөлхтний өмнө тулгарч байдаг мөнхийн асуудлыг гэсгээх гэж чармайж байдгаараа буянтай хүмүүс байна шүү дээ. Харин элсэгч, төгсөгчдийн тоо, эрдмийн зэрэг хамгаалалт, эрдэм шинжилгээний бүтээл, илтгэл хэлэлцүүлэг, бусад байгууллага, хамт олонтой хамтарч зохион явуулсан ажлуудын тухай салбарын амжилт, ололтыг баримтаар ярьж бололгүй яахав. Энэ тухайд бол тэнхимийн тайлан, илтгэлд тодорхой туссан байгаа байхаа.

Хамт ажиллаж байсан үеийн ахмад болон анд нөхдөөсөө та дурсаач.
Т.Дорждагва: Намайг МУИС-ийн Байгалийн ухааны факультетын биологийн ангийг 1976 онд дүүргээд Нийгмийн ухааны факультетын Философийн тэнхимд анх томилогдон ирж ажиллахад тус тэнхимийн эрхлэгчээр профессор С.Норовсамбуу багш ажиллаж байсан. Монгол Улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор С.Норовсамбуу багш маань МУИС-д философийн тэнхим, философийн салбарыг үүсгэн байгуулж, тэнхимдээ олон жил тогтвортой ажиллахдаа үндэсний философичдыг эх орондоо бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүндтэй хүн дээ. Багш маань залуудаа түүх, улс төрийн боловсролыг зохих, онох шатанд нь олж авч байсан юм билээ. Бид түүнийг “Но багш” л гэж хүндлэн дуудаж нэрлэх, тэрээр улс орондоо үнэлэгдэх томоохон сэхээтний нэг байлаа шүү. Тэр үед тэнхимд ажиллаж байсан ахмад багшийн нэг бол шашны гэх тодотголтой Д.Дагвадорж багш бөгөөд манай ангид философийн хичээл зааж байсан болохоор урьд нь таньдаг байлаа. Дагваа багш энэ үед МУИС-ийн МАХН-ын хорооны даргаар томилогдон ажиллаж байсан ба хожим нь ТИС-д, бас МУБИС-д тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан юм. Дагваа багш бол шашин судлаачдыг эх орондоо бэлтгэх үйлсэд хүчин зүтгэж явсан гавьяат багш, шинжлэх ухааны доктор (ScD), профессор хүн шүү дээ. Мөн олон нийтэд нэр нь “Ү багш” хэмээн түгэн алдаршсан нэрт орчуулагч Үржингийн Нямдорж багш тэнхимд ажиллаж байлаа. Түүний авьяас билэг, эрдэм чадварыг улс орон жаахан дутуу ашигласан юм болов уу гэж хувьдаа боддог доо. Нямка багш бид хоёр тэнхимийн эрхлэгчийн даалгаснаар “Философийн хичээлийн үзүүлэн таниулах хэрэглэгдэхүүн” хэмээх бүдүүвч зурагтай хэрэглэгдэхүүнийг хувааж аваад орчуулан хэвлүүлж байсан юм. Манай хүн чинь биднийгээ залуу, энэ тэр гэж голохгүй, үеийн юм шиг найрсаг харьцана, шүүмжлэлтэй хандах юмаа маш оносон бөгөөд хошин хэлбэрээр илэрхийлж биднийгээ баясгаж явдаг сан. 1970-80-аад онд л болов уу, их сургуулийн багш нараас орос хэлний шалгалт авдаг байсан юм. Тэгээд үнэлэхдээ яг л дээр үеийн бага, дунд сургуулийн сурагчийн дүн шиг 2-5 баллаар үнэлдэг байж, тэгтэл манай Нямка багш шалгалтаас гарч ирчхээд арай 4 авчхаагүй байгаа даа гэж хэлж бусдыгаа инээлгэж, бишрүүлж байсан даа.


Энэ завсар бас хоёр багшийгаа энд заавал дурсахгүй бол болохгүй л дээ. Б.Даш-Ёндон багш тэнхимд багшаар ажиллаж байгаад биднийг тэнхимд ирж ажиллахаас өмнөхөн Киевийн улсын их сургуулийн аспирантурт суралцахаар явсан байлаа. Эдүгээ шинжлэх ухааны доктор (ScD), ардын багш, профессор Б.Даш-Ёндон багш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсныг та бид сайн мэднэ дээ. Нөгөө нь нэгэн үед Соёлын сайдаар ажиллаж байсан шинжлэх ухааны доктор (Sc.D) Цо.Намсрай багш тэнхимд ажиллаж байсан юм. Манай салбарын анхны төгсөгчдийн нэг Ж.Төмөрбаатар багш залуухан байж дээ. Тэрээр хожим нь МУИС-ийн Урлаг судлалын тэнхимийг үүсгэн байгуулалцаж, эрхлэгчээр нь олон жил ажилласан философийн ухааны доктор (Ph.D), гоо зүйч профессор хүн болно. Харин салбарын удаах төгсөлтийн төлөөлөгч бол Ц.Гомбосүрэн багш. Тэрээр төдөлгүй ЗХУ-д докторантурт суралцахаар явж байсан ба хожим нь МАХН-ын Төв хорооны Үзэл суртлын хэлтэст лектор, суртал нэвтрүүлэгч, Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институтийн захирлаар ажиллаж байгаад төрөлх тэнхимдээ буцаж ирээд тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан гавьяат багш, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор хүн. Манай Гооёо одоо ч тэнхимдээ цагийн багш хийсээр байгаа гэдэг шүү, лут байгаа биз?  Тэнхимийн бас нэг гишүүн бол шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, шинжлэх ухааны гавьяат ажилтан Н.Хавх юм. Н.Хавх багш эхэндээ МУИС-ийн Социологийн лабораторийн эрхлэгчээр цөөнгүй жил ажиллаж байхаасаа эхлэн салбарын оюутнуудад социологийн хичээл зааж байсан ба хожим манай тэнхимийн эрхлэгч, Нийгмийн ухааны факультетын деканаар тус тус ажиллаж байсан билээ. Философийн тэнхимд он удаан жил насаараа ажилласан туршлагатай хүн бол манай лаборант Г.Оюун юм. Бид түүнийг Оюун эгч л гэх, тухайн үедээ залуучууд бидний “ээж” болж байж дээ. Зарим нь түүнийг профессор лаборант гэж хошигноно. Ямар ч үг хэлсэн тэр дандаа инээмсэглэж л байна, тэнхимийн өдөр тутмын ажил төдийгүй, багш нарын ар гэрийнхэнтэй холбоотой байж тэнхимийн ажлыг сүрхий зохицуулна. Аль нэгэн асуудал гарахад хичээл тасарна гэж байхгүй шүү дээ. Нийгмийн ухааны факультетын харьяа Марксизм-Ленинизмын кабинет ажилладаг байлаа. Багахан номын сан л гэсэн үг л дээ. Энд факультетын хэмжээний хурал, мэргэжлийн зөвлөгөөн, хэлэлцүүлэг, уулзалт болно. Эрхлэгчээр нь манай салбарын анхны төгсөгч Р.Эрдэнэчимэг ажиллаж байлаа. Хожим нь энэ албыг салбарын ахмад төгсөгчдийн нэг, буудлагын олон улсын хэмжээний мастер, шинжлэх ухааны доктор (Sc.D) Д.Тунгалаг эрхэлж байсан болно. За ингээд л залуучууд бидний үе эхэлсэн дээ. Тухайлбал, 1976 онд МУИС-ийн математикийн ангийг Д.Баттөмөр, миний бие биологийн ангийг тус тус дүүргээд философийн тэнхимд багшаар ажиллахаар томилогдож байсан юм. Бид хоёрыг эхэндээ хоёр залуу багш л гэх. Тэгж байтал нэр устай ч болох шиг боллоо, хичээл заах дадал арай гайгүй болсон л байх, би нэг анги дааж төгсгөсөндөө. Энэ хооронд манай тэнхимд зөвлөлтийн багш М.П.Хван, А.И.Исмайлов, Э.Р.Исмайлова нар томилолтоор ирж ажилласан нь ялангуяа ажил, мэргэжил өөрчилсөн бидэнд их тустай байсан юм. Максим Петровичийн заадаг байсан хоёр ч хичээлд хожим нь УИХ-ын даргаар ажиллаж байсан С.Төмөр-Очир, Д.Баттөмөр бид гурав суудаг байсан нь наанадаж гадаад хэлний, цаашилбал мэргэжлийн хувьд завшаантай хэрэг байлаа. Дараахан үеэс тэнхимд залуучууд томилогдон ирж эхэлсэн сэн. Тухайлбал, салбарын гурав дахь удаагийн төгсөгч Б.Болд, Т.Амаржаргал, бас орчуулгын ангийг төгсөгч Т.Энхтүвшин нарыг тэнхимд багшаар авч ажиллуулсан юм. Профессор С.Норовсамбуу багш тэнхимээ батжуулан хөгжүүлэхийн тулд байнга анхаарал тавьж, гадаадад оюутнууд сургасаар байж. Тухайлбал, Ростовын их сургуулиас Я.Долгоржав, А.Энхбаатар, Г.Цэрэн, Ленинградын их сургуулиас Г.Лодой, Д.Ганболд нар тус тус сургуулиа дүүргээд манай тэнхимд багшаар томилогдон ирж ажилласан юм. Харин дараахан нь миний бие Киевийн улсын их сургуулийн, Д.Баттөмөр Москвагийн Их сургуулийн аспирантурт суралцахаар явцгааж байжээ. Тэрчлэн салбарын төгсөгчдөөс тэнхимдээ багшаар ажилласан олон хүн бий. Тухайлбал, Б.Гантөмөр, Р.Дарьхүү, Ш.Ганхуяг, Б.Батчулуун, М.Отгонбаяр, Б.Болормаа, Б.Дагзмаа, Г.Эрдэнэбаяр, Б.Дэлгэрмаа, Д.Оюунгэрэл, Ц.Нямсүрэн, Т.Энхтунгалаг, Б.Мөнхжавхлан, Х.Амантай, С.Бүжинлхам ... гээд л цаашаа үргэлжлэх байх. Дийлэнх нь докторын зэргээ хамгаалчихсан байгааг харахад хэчнээн сайхан байна гээч. Харин энд нэрийг нь орхигдуулсан хүн байвал өршөөж үзэхийг түмэнтэй хүсье ээ.  

Таныг философийн мэргэжил сонгоход нөлөөлсөн хүн хэн бэ? Биологичоос философич болсон түүхээ хуваалцвал оюутан залууст сонирхолтой байх болов уу.
Т.Дорждагва: Манай философийн тэнхим бусад улс орны жишгээр мэдлэгийн бусад салбараас мэргэжилтэн урьж ажиллуулах, тэнхимдээ хос мэргэжлийн багш бэлтгэх уламжлалтай байсан юм билээ. Тэгээд холбогдох факультет, тэнхимийн удирдлагуудтай ярилцаж тохирдог байх. Энэ тухай би өмнө нь хэнээс ч асууж байгаагүй юм байна шүү. Сургуулиа төгсөх үед Байгалийн ухааны факультетын декан, профессор М.Юндэн багш дуудаж уулзаад “Философийн багш болох уу? гэж сүрхий цочирдуулсан асуулт асуусан юм. Тэр үед би яг юу гэснээ ч одоо санадаггүй юм. Бодвол “байж боломгүй юм” гэж бодоод алмайрсан л байх. Тэгээд бодож байгаад хэлж болох уу л гэсэн санагдана. Амьтан судлалын тэнхимийн эрхлэгч, өвгөн профессор А.Дашдорж, дипломын удирдагч, герман гэгдэх профессор Н.Даваа багш, ангийн багш Д.Базардорж нартаа  бэргэж бэргэж энэ тухай дурссан чинь мань хүмүүс аль хэдийнээ мэдээд, шууд л дэмжих бололтой байхаар нь санаа шулуудсан даа. Тэр цаг үед багш, удирдлагынхаа өмнөөс “цор цор” гэдэг хүмүүжил яаж байхав дээ. Надтай хамт математикийн анги төгсөж байсан Д.Баттөмөр гэдэг Архангайн уугуул гоолиг залуу Философийн тэнхимд хамт ирсэн дээ. Бид хоёрын “зовлон, жаргал” ёстой л нэг байлаа шүү дээ. Сайхан цаг үед сайхан хамт олны дэмжлэгээр өдий хүрч дээ. Хаа нэгтэй тааралдвал угтаа манай л хүн дээ гэж хэлэх шиг элгэмсүү инээмсэглээд зөрөх биологичдодоо, манайхан гэж 50 жил нэг завинд сууж яваа философич нөхдөдөө энэ ертөнцийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. 

Философийн мэдлэг таны амьдралд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? Философичийн замаар алхахын сайхан хийгээд бэрхшээлтэй зүйл юу байв?  
Т.Дорждагва: Мэдээж таван жил номын дуу сонсож, дадлага хийж, экспедицэд явж мэргэжлийн диплом өвөртөлсөн хүн чинь мэргэжлээрээ бахархаж, амтанд нь орсон байдаг юм билээ. Төгсөхдөө биологийн ангиллын нэршлээр бол Merionus unguiculatus буюу загийн шар чичүүл гэдэг мэрэгч амьтнаар дипломын ажил хийж, ажлаа орос хэл дээр бичиж хамгаалсан. Тэр маань эдүгээ Амьтан судлалын тэнхимд хадгалагдаж байна лээ. Түүнийгээ хараад сэтгэл сонин болж байдаг шүү. За философийн хувьд гэвэл ялгаагүй, сайхан байлгүй яахав, наад зах нь хос мэргэжил гэж бодохоор жаахан гайхуулах зан хөдлөх янзтай болно шүү дээ. Би азтай хүн л дээ. Философи гэдэг эрдмийн том тогоонд чанагдаж, ажил, мэргэжил нэг найз нөхдийнхөө нөлөөнд автаж, дэмжлэг авч, гадаад, дотоодын эрдэм төгс багш, мэргэжилтнүүдийн сургаал, зөвлөгөөг сонсож, ардын олон хүүхдэд уншиж, сонсож, олж мэдсэнээ дамжуулан хүргэж, ингэж л сэтгэл өег, сайхан ажиллаж, амьдарч ирлээ шүү дээ. Хос мэргэжил нь юмыг яльгүй өргөн өнцгөөс хардаг болгосон байж магадгүй, бэрхшээл бол бидний насан туршийн “хөрш” юм даа. Мэргэжлээ солих эхэн үед сэтгэлгээний хэв маягаа жаахан өөрчлөх шаардлага гарч байсан болов уу. 

Та бол Монголын соёл судлал, соёлын философийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн. Монголын соёл судлалын холбоо гэх мэргэжлийн холбоог тэргүүлэн ажиллаж чамгүй ажил хийсэн хүн. Энэ ажлынхаа талаар товч дурдаад мөн одоо хэрхэн ажиллаж буй, цаашид юу хийхээр төлөвлөж буйгаа танилцуулна уу. 
Т.Дорждагва: Эргээд харахад хувь заяаны эрхээр олон байгууллага, газар ажиллаж, сайхан хүмүүстэй учирч явжээ. Энд нэг товчхон түүх дурдвал: УИХ-ын даргаар ажиллаж байсан, эдүгээ Монгол улсын ардын багш, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор С.Төмөр-Очир өмнө нь Боловсрол, шинжлэх ухааны сайд байхдаа ОХУ-ын Боловсролын сайд нартай уулзаж, манай улсын их, дээд сургууль, тусгай мэргэжлийн сургуулиудын нийгмийн ухааны чиглэлийн зохих тооны багшийг Москвад мэргэжил дээшлүүлэх асуудлыг ярьж тохирсон дагуу бидний хэсэг нөхөд Москвад 3 сар номын дуу сонсож ирсэн юм. Тэнд миний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн нэг зүйл байсан. Юу гэвэл хамгийн хачирхалтай нь номын дэлгүүр болгонд, тэр ч байтугай гудамж, талбай, цэцэрлэг, үзвэрийн газарт өөр өөр зохиогчтой, янз бүрийн өнгө, дизайн, хэлбэр хэмжээ бүхий хавтастай “Культурология” гэдэг ном байсан юм. Бүр гайхширал төрүүлсэн. Тэгээд л бид түүнийг худалдан авчирч судлан үзээд яамандаа танилцуулж, Гэгээрлийн сайд Ч.Лхагважав гуайн шийдвэрээр бүх нийтээр судалж, суралцах нөхцөл бүрэлдсэн юм. Энэ хоёр сайд монголчуудад үнэхээр буян үйлдсэн юм шүү дээ. 1997 онд Гэгээрлийн яаманд Соёлын хэлтсийн даргын алба хашиж байхдаа Соёл, урлаг судлалын хүрээлэнтэй хамтран “Монголын соёл, урлаг судлалын симпозиум”-ыг зохион байгуулж, тавьсан илтгэлээ “Соёл судлалын зарим асуудалд” гэж нэрлэсэн юм. Үүнээс өмнө “Соёл судлал” гэсэн нэр томьёо манайд төдийлөн хэрэглэгдэж байгаагүй үе. “Соёл”, “судлал” гэдэг хоёр үгийг бид аль эртнээс хэрэглэж заншсан ч “соёл судлал” гэж яарьж, бичдэггүй байж. Угтаа “Ургамал судлал”, “Материал судлал”, “Орон судлал”, “Музей судлал”... гэдэг шигээ л хялбар ойлгох ёстой байж. Эхэн үедээ энэ одоо юу гараад ирэв ээ, энэ юу юм бэ гэж хүртэл асууж байснаа бүр мартсан байх даа. Харин одоо болохоор “Соёл судлалын магистр” гэж өөрийгөө танилцуулсан залуу хүмүүс олон тааралдах болж дээ. Англиар “Сultural studies”, германаар “Kulturwiesenschaft”, оросоор “Культурология” гэдэг нэр томьёог л орчуулан хэрэглэсэн учиртай юм л даа. Ингээд “Соёл судлалын үндэс” хичээлийг бакалавр шатны сургалттай бүх сургуулийн оюутан заавал үзэж судлах тухай тушаалд сайд гарын үсэг зурснаар нэг үе эрчимтэй хөдөлцгөөсөн юм. Холбогдох бүх сургуулийн захирлыг, дараа нь хичээл заах багш нарыг зарлан цуглуулж, зөвлөгөө өгч, гарын авлага тараасан юм. Уг анхны гарын авлагыг Н.Сарантуяа, Ж.Долгорсүрэн нартайгаа хамтран бичиж, өөрөө редакторлаж байсан юм. Харин хожим нь сурах бичгээ өөрөө бичиж, таван удаа хэвлүүлсэн шүү. Улмаар “Соёл судлаачдын үндэсний семинар”-ыг 10 удаа зохион явуулж, 330 гаруй бил үү дээ илтгэгчдийн бүтээлийг эмхэтгэн хэвлүүлж нийтийн хүртээл болгосон юм. Энд олон их, дээд сургууль, хүрээлэнгийн эрдэмтэд, профессор багш нар, туршлагатай судлаачид, докторант, магистрантууд маш идэвхтэй оролцож, тэдний бүтээл нь сургалт гэлтгүй судалгаанд чухал ач холбогдолтой байсныг хэлэх хэрэгтэй. Сүүл рүүгээ докторант, магистрантууд семинар хэзээ болохыг байнга асуудаг болсон учир нь гэвэл тэдний бүтээлээ хамгаалах нэг болзолд нь тооцдог учиртай байж. Цаашдаа бид соёл судлалын судалгааг онолын илүү дээд шатанд  хүргэх, бүх нийтийн соёлын түвшинг дээшлүүлэхэд ач тусаа өгөх бодлого боловсруулах, бас соёл судлаачдын семинарыг үргэлжлүүлэн зохион явуулах талаар асуудал хариуцсан төрийн дээд байгууллагуудад хандах санаатай байдаг. Сургууль болгон шахуу соёл судлаач бэлтгэх боллоо, төгсөгчдийг аттестатчилах хэрэгтэй юм гэсэн санааг зарим хүн хэлэх нь бий, тэгэхэд нь би холбоо л сайн ажилласан байна шүү дээ гэж наргиан болгож байсан. Аттестатчилал хэрэгтэй гэж үзвэл төрийн бус байгууллага биш, төрийн холбогдох байгууллага хийх учиртай байх л даа.

Та өнөөгийн Монголын нийгмийн амьдралын дүр төрхийг философичийн нүдээр хэрхэн харж байна? Та амьдарч буй нийгэмдээ хэр сэтгэл хангалуун байна вэ? Яагаад? 
Т.Дорждагва: Энэ асуултад чинь нийгмийн философийн мэргэжилтнүүд, сэтгэл судлаачид илүү оновчтой, сайн хариулт өгөх байх даа. Төвөгтэй үе юм шиг байна. Шуудхан хэлэхэд сэтгэл хангалуун биш байгаа. Гэхдээ бид түүнийг дамжин өнгөрч өөр түвшинд хүрэх нь дамжиггүй байх. “Хулгайч” гэдэг монгол үг чинь арай л манай албан ёсны нэр томьёо болчихсон юм биш байгаа даа гэж гайхмаар... Нийгэм, нийтийн эзэмшлийн юмыг дур мэдэн авах, зарцуулахыг хуулиар баталгаажуулчихсан юм болов уу гэлтэй, гайхширал төрөөд санаанд багтахгүй юм байнга дуулдах болж. Ийм нөхцөлд иргэдийн ухамсар, хандлага, хүн чанар ямар болж байгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үзэж, сонсох төдийгүй, нийтийн тээврийн хэрэгслээр зорчих, тэр ч байтугай худалдаа, үйлчилгээний газраар үйлчлүүлэх, гудамжаар алхахад л мэдрэгдэж, чих дэлсэж байна л даа. Төрийн албаны эрх мэдэлд өөрчлөлт, шинэчлэлт хийж, хууль сахиулах байгууллага эрс өөрчлөгдөх шаардлага зайлшгүй гарч байгаа бололтой. Соёл гэдэг үгийн хамгийн үндсэн утга чинь хүн “хүн шиг” байхыг л илэрхийлэх учиртай л даа. 

Асуудлын гол учиг нь юу вэ, таны бодлоор? Яавал дээр гэж бодож байна? 
Т.Дорждагва: За, энэ асуултад чинь дээр бараг хариулчих шиг болов уу даа. Ерөөсөө л хүнлэг бус чанар буюу соёлгүй байдал. Манай өвөг дээдэс чинь багачуудаа  жижигхэн гэм хийчихвэл хүү минь чи “хүн шиг байгаач” л гэх. Энэ чинь соёлтой бай л гэсэн үг. Эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгийн араас улангасан хөөцөлдөх шунал нь үндсэндээ соёлын доод, ёстой нөгөө “улны” түвшингийн асуудал юм. 

За ойлголоо. Эргээд философийн тухай яриа руугаа оръё. Монголд философийн боловсролыг хөгжүүлэхэд юунд илүү анхаарах хэрэгтэй вэ?
Т.Дорждагва: Мэдээж хэрэг юуны түрүүнд элсэлтдээ анхаарах хэрэгтэй байх. Энэ талаар тэнхим зохих туршлага хуримтлуулсан байх гэж бодож байна. Сурагчдын дунд эсээ бичих уралдаан зарлаж дүгнэх, олимпиад  явуулах  гэдэг ч юм уу, аль нэгэн оновчтой  хэлбэрийг сэдэж олох хэрэгтэй юм болов уу. Оюутны уншиж судлах материал, бие даан ажиллах танхим, тохиромжтой орчин нөхцөл чухал болох нь ойлгомжтой. Өмнөх цаг үеийг бодвол өнөөгийн хүүхдүүд мэтгэлцэх урлагт сүрхий дадаж байгаа юм шиг харагдах нь бий. Амьдрал, практикт  тулгарсан асуудалд шийд хайх,  асуудлыг шийдвэрлэх даалгавар өгөх зэрэг хэлбэрийг сургалтад ашиглаж болох юм. Гадаад харилцаагаа хөгжүүлж, бусад улс оронтой тодорхой хугацаанд оюутан солилцож болно доо. Цаашилбал, багш нар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэргэжлээ сурталчлах, эрдэм шинжилгээний ажлынхаа үр дүнг нийтэд таниулах, нийтлэл бичих, лекц унших, ярилцлагад орох гэх мэт олон хэлбэрийг ашиглаж болох болов уу.
 
Та МУИС-ийн Философийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан. Сургалт, судалгааны чиглэлээр ямар ажил санаачилж хэрэгжүүлсэн бэ? Товч дурдвал? Хамт олноо хөгжүүлэхэд юунд илүү анхаарч ажиллаж байв?
Т.Дорждагва: За, энэ асуултад чинь тэнхимийн хамт олон маань илүү хариулах байх даа. Манай тэнхим факультет дотроо угаасаа л нэр хүнд сайтай шүү дээ. Харин нийгэм жаахан хөдөлгөөнтэй гэх үү, нэг тийм үе байж таарсан. Шаардлага хангаж, тогтвортой ажиллах лаборант олдохгүй байсан гэвэл хүн итгэхгүй байх даа. Нийгмээрээ л гадаад явна гэх. Манай тэнхим “Соёл судлаачдын үндэсний семинар”-ыг тэргүүлэн зохион байгуулж, түүнд их, дээд сургууль, хүрээлэнгийн судлаач эрдэмтэд төдийгүй, төрийн албаныхан, иргэд идэвхтэй оролцож, нийтдээ 10 удаагийн семинарын илтгэл, бүтээлийг эмхэтгэн нийтийн хүртээл болгож байлаа. Багш нар хичээлээ чанартай заах, эрдэм шинжилгээний бүтээлээ тогтмол хэвлүүлэх, шавь нараа хөгжүүлэх, нийгмийн өөрчлөлт, дэвшилд хувь нэмрээ оруулж явахыг тэдний үүрэг гэж ойлгодог доо.

Таны цаашид судлахыг хүсэж буй судалгааны шинэ чиглэл тань юу вэ? Яагаад үүнийг та чухал хэмээн бодож байна вэ?
Т.Дорждагва: За би чадвал соёлын холбогдолтой ном, судраа л жаахан харах санаа бол бий. Энүүхэндээ гэж хэлэхэд манайхан, бүүр нийгмээрээ “соёл” хэмээх үзэгдлийг нэг л андуу ухаараад болохгүй юм. “Соёл”, “урлаг” гэсэн хоёр өөр үзэгдлийг “Соёл урлаг” гээд нэг юм болгоод ярьж, бичээд явчихна шүү дээ ... Угтаа  “соёл” гэдэг  хүмүүнлэгийн ухааны ойлголт, хүний хүн байх чанарын үзүүлэлт юм. Бид чинь үнэндээ соёл хэмээх чанар, тийм чадварынхаа ачаар л “хүн” хэмээх нэрийг зүүж явна шүү дээ. Нэг удаа би соёл хэмээх чадварынхаа ачаар амьтай болон амьгүй бүх материаллаг ертөнцөөс ялгагдах сүүн тэжээлтэн амьтныг хүн хэмээмүй гээд ундууцангуй хэлчихсэн удаатай гэж байгаа. Харин “Урлаг” гэдэг маань уран сайхны соёлд холбогдох ойлголт юм л даа. Өөрөөр хэлбэл уран сайхан үйл ажиллагааны үр дүнд бүтээгдсэн бүтээгдэхүүн байхгүй юу даа. Зурсан зураг, сийлсэн сийлбэр, бичсэн роман, яруу найраг, тавьсан жүжиг, оёмол, хатгамал, кино, жүжиг... юм. Тэгэхлээр монголчууд бид “соёл”, “уран сайхны соёл”, “уран сайхан (чанар)”, “урлаг” гэсэн дөрвөн ухагдахуун (ойлголт)-ыг хольж, хутгаж бантан зуурдаг байгаа юм. За манайханд ч бас иймэрхүү юм байдаг шүү, та минь. Соёл иргэншил гэж бас их ярих. Гэтэл соёл нь оросоор “культура”, англиар “culture”, иргэншил нь оросоор “цивилизация”, англиар “civilization” биз дээ? Ийм нөхцөлд бид гадаад хүмүүстэй харьцахдаа оруулагчдаа л найдахаас өөр аргагүй юм даа.   

Философийг сонирхон судалж буй залууст ахмад эрдэмтний хувьд ямар зөвлөгөө өгөх вэ? 
Т.Дорждагва: Оролдлоготой хүн л юманд хүрдэг гэсэн ардын маань сургаал үг байдаг даа. Өмнөө зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд махруу, зүтгэлтэй байж, цагийг сайн ашиглавал юманд хүрэлгүй яахав. Манай философийн мэргэжлийн залуу үеийнхэн, жишээлбэл, “Ертөнцийг танин мэдэж чадах уу?”, “Бурхан оршин байдаг уу?”, “Үнэн гэж юу вэ?”, “Хүн гэдэг юу юм бэ?”, “Амьдралын утга юунд орших вэ?”, “Матери, ухамсрын аль нь анхдагч вэ?”, “Юуг сайн гэх вэ?” гэхчлэн мөнхийн асуудлуудад өөрийн гэсэн хариу хувилбартай л байгаа байх. Өнөөгийн манай нийгмийн амьдралд ёс суртахууны асуудал чухал болж байх шиг санагддаг. Монгол цэгц уламжлал, үлгэрлэлтэй мэргэн яруу хэллэг, баримталж явууштай зан төлөв гээд өвөг дээдсийн маань бидэнд үлдээсэн их өв байна даа. Тэдэн маань багачуудад “хүн шиг бай, хүү минь” гэж товчхон хэлж буй ч үнэндээ соёлтой байх холч утгатай мэргэн үг юм. Тэнхимийнхээ залуучуудад хэлэх гэж дандаа бодож явдаг байсан юм, илүү үг ч байж мэднэ. Юу гэвэл, философи маань өөрөө метафизик, онтологи, логик, танин мэдэхүйн онол, ёс зүй болон гоо зүй, шинжлэх ухааны болон шашны, нийгмийн болон улс төрийн философи... гээд л олон салбар ухааныг агуулж байна. Тэгэхлээр бага курс гэлтгүй оюутны саналын үндсэн дээр нь тэдгээрт багаас нь хуваарилан чиглүүлж явбал зүгээр биш биз гэх санаа өлгөж үлдээе дээ. 

Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Эрдэм судлалын ажилд тань өндөр амжилт хүсье. Шинэ бүтээлээр эргэн уулзахын ерөөл өргөе.   
Т.Дорждагва: За, баярлалаа. Танд ч бас ажлын арвин амжилт, амьдралын сайн, сайхныг ерөөе ээ!                                                     

Ярилцсан: МУИС-ийн багш Д.Оюунгэрэл

Шинэ бүтээл