М.ГАНТУЯА: ШАШИН СУДЛААЧ БОЛ НИЙГМИЙН ЭВ НЭГДЭЛ, СОЁЛЫН ТЭНЦВЭР, ОЮУН САНААНЫ БОЛОВСРОЛД ҮЙЛЧИЛДЭГ МЭРГЭЖИЛТЭН
Шинэ оны анхны зочноор саяхан шинэхэн бүтээлийнхээ нээлтээ хийсэн профессор М.Гантуяа багштай ярилцлаа.
Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгч буй танд баярлалаа. Ярилцлагаа таны философийн мэргэжлээр суралцах болсон тэр шийдвэрийн талаар эхлүүлье гэж бодож байна. Яагаад философийн мэргэжлийг сонгов? Философитой амьдралаа холбоод та хэд дэх жилтэйгээ золгож байна?
М.Гантуяа: Баярлалаа. Би 1977 онд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Москвагийн ОУХДС (ИМО)-ийн “Олон улсын эрх зүй” мэргэжлээр томилолт авсан боловч тэр үеийн Дээд боловсролын хороо миний оронд өөр оюутан суралцуулахаар аль хэдийнээ явуулсан байсан. Тэгээд Эрхүүгийн Багшийн ДС-д “Сургуулиас өмнөх насны хүүхдийн сургалт ба сэтгэл зүй” гэсэн мэргэжлээр надад дахин томилолт өгч явуулсан. Тэр маш гоё мэргэжил байсан шүү. Тэнд суралцсан нэг жил надад бага насны хүүхдийн сургалт, сэтгэл зүйн талаар маш сайхан үндсэн мэдэгдэхүүн өгсөн нь одоо ч миний сэтгэлээс салдаггүй. Гэвч аав минь хөөцөлдсөний үр дүнд, нэг жилийн дараа Дээд боловсролын хороо миний анхны хуваарийг андуурч сольсондоо хүлцэл өчиж, ОХУ-д нийгмийн ухааны чиглэлээр дуртай хотдоо, дуртай мэргэжлээрээ суралцах сонголт өгсөн юм. Ингээд л би Ленинград хотын УИС-ийн Философийн ангийг сонгосон доо.

Сонирхолтой замаар философитой холбогджээ та. Философи сонирхдог залуучуудад сонирхолтой байх гэж бодож байна. Философичийн замаар алхахын сайхан нь юу вэ? Энэ замаар алхахын юу нь илүү сэтгэл татам бэ? Бас бэрхшээлтэй нь юу вэ?
М.Гантуяа: Аливаа зүйлийн учир шалтгааныг эрэн хайх нь ухамсарт хүн бүрд байдаг зан. Философи бол зөвхөн тодорхой нэгж юм үзэгдлийн учир шалтгааныг биш, бүх юмс үзэгдлийн, хязгааргүй орчлон, хязгааргүй цаг хугацааны нэгдмэл түгээмэл учир шалтгааныг эрэн хайх сэтгэлгээний аргыг эзэмшүүлдгээрээ гайхалтай ухаан. Философийн аргаар сэтгэх тусам хүний ухаан тэлдэг, уужирдаг, аливааг алсаас, өндрөөс харах боломж өгдөг. Миний хувьд, амьдралынхаа туршид философич гэдгээсээ болж хүмүүсээс таагүй хандлага хүлээж байсан зүйл гэвэл миний мэргэжил бизнесийн ач холбогдол бага гэдэг, энэ нь ч үнэн (инээв)
Нээрээ л философийн мэргэжил эзэмшсэн гэхээр тэгээд юу хийх вэ л гэж хүмүүс асуудаг байлаа. Та мэргэжлийн философич хүн. Бас өнөө цагийн шашин судлалын томоохон төлөөлөгчийн нэг мөн. Өрнийн философийн замаар алхаж явснаа шашин судлал, тэр дундаа буддын философийн замаар яагаад алхах болов?
М.Гантуяа: Намайг миний эрдэм шинжилгээний удирдагч багш Г.Лувсанцэрэн академич энэ зам руу хөтөлж оруулсанд би хязгааргүй талархаж явдаг. Тухайн үеийн манай нийгмийн тогтсон зохицуулалтаар, гадаадад суралцаж байгаа оюутан улсынхаа аль нэг байгууллагын нэр дээр томилолт авч, уг байгууллага нь замын зардал, тэтгэлэг гэх мэт дэмжлэг үзүүлэхээс гадна төгсөөд ирэхэд нь ажлаар хангадаг ёстой байсан. Би ШУА-ийн Философийн хүрээлэнгийн нэр дээр суралцаж байсан тул 1983 онд Ленинградын УИС-ийн Философийн анги төгсөж ирэхэд, хүрээлэнд орон тоо байхгүй байсан учраас Ховдын ИС-д багшлахыг санал болгосон юм. Би нялх хүүхэдтэй байсан тул саналыг шууд хүлээж авах боломжгүй байлаа. Тэгээд намар нь буюу 8 дугаар сарын сүүлээр тэр үед эрдэмтэн нарийн бичгийн дарга байсан Г.Лувсанцэрэн багш маань утасдаж орон тоо гарсан тухай мэдээлсэн. Тэр үеэс л хүрээлэндээ эрдэм шинжилгээний ажил эрхлэх болсон. Миний өмнө орчин үеийн өрнийн философи судлах, буддын гүн ухаан судлах гэсэн хоёр сонголт тавихад би мэдээж нэг дэхийг сонгохоос өөр аргагүй байв. Учир нь Ленинградын УИС-д суралцаж байх хугацаандаа өрнийн философи үзсэн болохоос дорнын гүн ухааны талаар хичээл үндсэндээ ороогүй юм. Харин Г.Лувсанцэрэн багш минь хүрээлэн дээр явагдаж байгаа Буддын гүн ухаан судлалын талаар сайхан ярьж тайлбарлаж, намайг энэ чиглэлээр судлахад урам зориг өгсөн нь цаашид энэ чиглэлээр ажиллах суурь болсон. Тэгээд 1995 онд “Буддын билиг барамидын философи үзэл” сэдвээр дэд докторын зэрэг хамгаалсны дараа МУИС-ийн Философийн тэнхимд багшлах болж, Буддын гүн ухаан, Билиг барамидын философи, дараа нь бас Абхидхарма философийн хичээлүүдийг орж байлаа. Сүүлд Шашин судлалын тэнхим 1999 онд байгуулагдсан цагаас “Шашны философи”, “Шашны психологи”, “Монголын шашин-философийн түүх” гэх мэт шашин судлалын хичээлүүдийг орох болсноор Буддын гүн ухаан судлалаас гадна Шашин судлалд анхаарлаа хандуулах болсон.
Та МУИС-д Шашин судлалын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан. Шашин судлалын салбарыг илүү хөгжүүлэхэд юунд илүү анхаарч ажиллаж байв? Цаашид хэрхэн ажиллавал зүйтэй вэ?
М.Гантуяа: 1990-ээд оноос хойш Монголд олон шашин дэлгэрэх болсон нь уламжлалт шашнаа хадгалах, олон шашинд хандах шинэ зөв бодлого тогтоох гэх мэт шашинтай холбоотой олон асуудал нийгмийн өмнө тулгарсан. Тэр бүрийг шинжлэх ухааны үүднээс зөв оновчтой шийдвэрлэхэд мэргэжлийн дуу хоолой, хөдөлмөр зүтгэлээ зориулах чадвартай шашин судлаач мэргэжилтнүүдийг бэлдэх явдал маш чухал байсан. Энэ үйл явц одоо ч үргэлжилсээр байгаа.
Монголчууд ХХ зуунаас хойш шашинд сэжиглэн хандах болсон нь шашныг эрх мэдэл, улс төр, ашиг сонирхолтой холбон сөргөөр тайлбарлаж ирсэн, мөн мухар сүсэг, туйлшрал, шашны талаарх мэдлэг дутмаг байсантай холбоотой. Үүний улмаас шашныг дорд үзэх хандлага бий болсон. Гэвч шашны уг мөн чанар нь хүний дотоод ёс суртахуун, амьдралын утга учрыг эрэх, оршихуйн гүн асуудлуудыг ухаарах оюун санааны зам мөр юм. Тухайлбал, Буддизмын жишээгээр бол, шашин нь өөрийгөө танин мэдэх, сэтгэл ухамсраа төлөвшүүлэх нэгэн чухал арга зам юм. Шашинд хандах нийгмийн хандлагыг зөв болгохын тулд шашныг мухар сүсгээс ялган ойлгуулж, боловсролоор дамжуулан философи, ёс зүйн утгаар нь тайлбарлах, шашны байгууллагын ёс зүйн хариуцлага, хувь хүний эрх чөлөөг хүндэтгэх хандлагыг нэмэгдүүлэх шаардлагатай. Ингэснээр шашныг хүчээр тулгах бус, ухаалгаар таниулж, нийгмийн эрүүл тэнцвэртэй хандлагыг бүрдүүлэх боломжтой болно. Их, дээд сургуульд үзэх шашин судлалын сургалтад энэ тал дээр анхаарлаа илүү хандуулах нь зөв гэж үзэж байна.
Нийгэмд шашин судлаачдын үүрэг юу вэ? Бэлтгэж гаргасан таны шавь нар нийгэмд үүргээ хэр гүйцэтгэж байна гэж бодож байна?
М.Гантуяа: Шашин судлаач мэргэжлийн нийгмийн үүргийг танин мэдэхүй, харилцааны зуучлал, бодлого-ёс зүй, соён гэгээрүүлэх гэсэн хэд хэдэн түвшинд авч үзэж болно. Нэгдүгээрт, шашин судлаачийн гол үүрэг нь шашны үзэгдлийг итгэл үнэмшилд авталгүй, шинжлэх ухааны арга зүйгээр судалж, түүх, философи, соёл, нийгмийн орчинтой нь уялдуулан бодитой тайлбарлах явдал юм. Ингэснээр шашныг мухар сүсэг, суртал ухуулгаас ялган ойлгуулахад чухал хувь нэмэр оруулдаг. Хоёрдугаарт, шашин судлаач нь шашин ба нийгмийн хооронд зуучлагч болдог. Сүсэгтэн итгэгчид, шашингүй үзэлтнүүд, төрийн байгууллага, олон нийтийн хооронд үүсдэг үл ойлголцол, зөрчлийг шинжлэх ухаанч тайлбар, шашны талаарх олон талын мэдлэгээрээ зөөлрүүлж, харилцан хүндлэлд суурилсан яриа хэлцлийг бий болгоход оролцоно. Гуравдугаарт, төр, бодлого боловсруулагчдад зөвлөх үүрэг гүйцэтгэдэг. Шашин–төрийн харилцаа, шашны эрх чөлөө, олон ургальч байдлыг хангах хууль, бодлого боловсруулахад судалгааны үндэслэлтэй зөвлөгөө өгч, шашныг улс төрийн хэрэгсэл болгохоос сэргийлэхэд чухал үүрэгтэй. Дөрөвдүгээрт, нийгмийг соён гэгээрүүлэх үүрэгтэй. Боловсрол, хэвлэл мэдээлэл, олон нийтийн лекц, судалгааны нийтлэлээр дамжуулан шашны гүн ухаан, ёс зүйн утгыг тайлбарлаж, “итгэх эсэх”-ээс үл хамааран ойлгож хандах соёлыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулдаг. Тавдугаарт, шашны туйлшрал, радикал үзэл, мухар сүсгээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Шашны сургаалын жинхэнэ агуулга, түүхэн нөхцөлийг бодитоор тайлбарласнаар айдас болгоомжлол, буруу ойлголт, нийгмийн хурцадмал байдлыг бууруулахад тусалдаг. Товчхондоо, шашин судлаач бол шүтэгч биш, шүүмжлэгч дайсан ч биш, харин шашны үзэгдлийг ухаалгаар ойлгуулж, нийгмийн эв нэгдэл, соёлын тэнцвэр, оюун санааны боловсролд үйлчилдэг мэргэжилтэн юм. Манайд энэ чиглэлээр судалгаа хийдэг доктор С.Цэдэндамба, доктор М.Батаа, доктор С.Дэмбэрэл гэх мэт мэргэжлээрээ нэгэнт алдаршсан эрдэмтдийг дурдахын зэрэгцээ МУИС-д Шашин судлал, Буддын гүн ухаанаар мэргэшиж докторын зэргээ хамгаалсан Ж.Алтайбаатар, О.Бумдарь, Н.Наранбаатар, Б.Сайнбилиг, Б.Баярцэцэг, Б.Цэвээндорж, Д.Юмчинхорлоо гээд олон докторуудыг нэрлэж болохоос гадна одоо мэргэжлээрээ судалгаа шинжилгээний үйл хэрэгт идэвхтэй хамтран зүтгэж байгаа Б.Мөнхцацралт, Б.Ариунзул гээд олон шавь судлаачдаараа бахархаж байна.
Нэгэнт шашин судлаач профессортой ярилцаж байгаагийн хувьд шашин хүний амьдралд ямар нөлөөтэй вэ? Яагаад хүмүүс шашин шүтдэг вэ?
М.Гантуяа: Шашин шүтлэг, ялангуяа буддизм нь хүний амьдралд дотоод амар амгалан, утга учир, ёс суртахууны чиг баримжаа олгох чухал нөлөөтэй бөгөөд орчин үеийн хурдтай, сэтгэл санааны хямрал стресс ихтэй нийгэмд амьдарч буй хүмүүст сэтгэлийн тэнцвэрээ хадгалах боломжийг өгдөг. Буддизмын үүднээс хүний зовлон шаналал нь хүсэл, шунал, мунхаглалтай салшгүй холбоотой гэж үздэг тул шашны сургаал нь гадаад орчин нөхцөлөөс илүүтэй дотоод сэтгэлдээ анхаарч, ухамсар, хариуцлага, нигүүлслийг хөгжүүлэхийг чухалчилдаг. Энэ нь орчин үеийн хүний материаллаг хэрэглээ, нийгмийн дарамт ихтэй амьдралд “Би хэн бэ? Яах гэж амьдарч байна вэ?” гэсэн асуултад хариу олоход тусалж, бусадтай өрсөлдөх бус, өөрийгөө танин мэдэх, сэтгэлээ ажиглах замаар илүү тайван, ухамсартай амьдрахад чиглүүлдэг. Мөн буддизм нь энэрэн нигүүлсэх сэтгэл, харилцан хамаарлыг онцолдог тул орчин үеийн нийгэмд хүмүүсийн хоорондын үл ойлголцол, ганцаардлыг багасгаж, бусдыг ойлгож хүндлэх хандлагыг төлөвшүүлэх ач холбогдолтой. Иймээс шашин шүтлэгийг сохроор бус, ухаалгаар ойлгон хэрэгжүүлбэл, жишээ нь Буддизм нь өнөө цагийн хүнд зөвхөн итгэл сүсэг төдийгүй, амьдралын утга учраа дээшлүүлэх бодит дотоод дадал зуршил, зам мөр болж чадна.
Ер нь “шашин шүтэх” гэдэг нь юу гэсэн үг вэ? Зарим нь буруу зүйлд итгээд, буруу зүйлийг шүтээд амьдралаа баллаж байгаа жишээг ажигласан юм л даа. Тэгээд ингэж асууж байгаа юм аа.
М.Гантуяа: Шашин шүтэх гэдэг нь хүний амьдралын утга учир, ёс суртахуун, дотоод баримжааг тодорхой сургаал, итгэл үнэмшилд тулгуурлан ухамсартайгаар төлөвшүүлэхийг хэлдэг. Буддизмын үүднээс бол, итгэл нь хүнийг сэтгэлийн хямрал, айдас түгшүүр, хараат байдалд оруулах бус, зовлонгийн шалтгааныг ухаарч, зөв төв зам мөрөөр амьдрах, аливаа сургаал номлолыг өөрийн оюун ухаанаар шалган нягталж хэрэгжүүлэх дадал гэж үздэг. Эрүүл шүтлэг нь хүнийг илүү тайван, хариуцлагатай болгож, бусдыг хүндэтгэх сэтгэлийг төлөвшүүлэн, бодит амьдралаас зугтах бус харин амьдралаа зөв авч явахад тусалдаг бол эрүүл бус шүтлэг нь айдас түгшүүр төрүүлж, хүнийг өөрийн бодол шийдвэрээс салган, бүх хариуцлагыг шашин, багш, эсвэл хувь тавиланд тохооход хүргэдэг. Буддизмд туйлшрал нь аюултай гэж тооцогддог бөгөөд хэт шуналд автах, эсвэл өөрийгөө хэт зовоох аль аль нь зовлонгийн шалтгаан болдог учраас Будда төв голч замыг номлосон байдаг. Иймээс буддизмын хувьд зөв шүтлэг гэдэг нь хүнийг сул дорой болгох биш, харин ухаан суулгаж, тэнцвэртэй, хариуцлагатай, ухамсартай амьдрахад чиглүүлэх явдал юм.
Өнөөдөр шашны янз бүрийн урсгалууд Монголд үйл ажиллагаа явуулж байна. Та шашин судлаачийн хувьд хүн ер нь ямар шалгуур тавьж шашныг сонгож, дагах вэ гэдэг дээр зөвлөгөө өгч болох уу?
М.Гантуяа: Шашин судлаачийн байр сууринаас тайлбарлахад, аливаа хүн шашнаа сонгохдоо үндсэн хэдэн шалгуурыг анхаарах нь чухал. Тухайлбал, нягтлан шинжилж ухаалгаар итгэх, асуулт асууж үндэслэлтэй хариулт авах, бодож тунгаах боломжийг олгож байгаа эсэх, хүнлэг чанар, ёс суртахууныг сайжруулж буй эсэх, бодит амьдралд дэмжлэг болж байгаа эсэх, эрх чөлөө ба хариуцлагын тэнцвэрийг хадгалж байгаа эсэх, багш ба байгууллагын зан чанар, урт хугацааны эерэг эсвэл сөрөг үр нөлөөг нь харж дүгнэх зэргийг анхаарах хэрэгтэй. Ерөнхийдөө, зөвхөн “Энэ үнэн үү?” гэдгийг бус, мөн “Энэ намайг ямар хүн болгож байна вэ?” гэж асуух нь хамгийн чухал шалгуур юм.
Өмнөх нийгэмд шашныг хар тамхитай зүйрлэн хорьж байсан. Шашин үнэхээр хар тамхи шиг юм уу? Марксизмд “Шашин бол хар тамхи мөн” гэж томьёолсон байдаг уу?
М.Гантуяа: К.Маркс “Шашин бол ард түмний мунхруулагч хар тамхи” гэж хэлсэн нь үнэн боловч тэр үгийг социологийн утгаар тайлбарласан гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэрээр хүн зовлонгийнхоо учрыг тайлбарлаж чадахгүй мухардалд орсон үедээ түр зуур сэтгэлээ тайвшруулах арга хэрэгсэл болгож шашин шүтдэг боловч энэ нь зовлонгийн шалтгааныг бодитоор арилгахгүй, харин нийгмийн шударга бус байдлыг өөрчлөхөд саад болж, эрх баригчдын буруу үйлдэлд дасан зохицох байдалд хүргэдэг, хүчирхийлэлгүй манипуляц гэж үзсэн юм. Үүнийг шашин бол хортой гэж үзсэн мэтээр тайлбарлах нь сэтгэгчийн хэлэх гэсэн үгийг мушгиж байгаа хэрэг. Үнэндээ шашин нь хүмүүст сэтгэлээ тайвшруулах, ёс суртахуун, амьдралын утга учир олж авах боломж олгодог эерэг талтай. Харин К.Марксын утгаар бол нийгмийн шударга бус байдлыг өөрчлөхөд саад болж, хүмүүсийг идэвхгүй байлгадаг талаас нь хар тамхитай зүйрлэсэн хэрэг. Орчин үеийн нийгэмд шашныг хувь хүний сэтгэлийн дотоод амар амгаланг тогтооход чиглүүлэх хэрэгтэй, харин Марксын үгээр бодит амьдралд идэвхтэй байр суурь баримтлахын чухлыг мөн давхар сануулж байх нь зүйтэй юм.
Манай өмнөх нийгмийн үед “Шашин бол хар тамхи мөн” гэсэн ухуулж, шашин шүтэх эрхийг хорих, харин өнөөдөр шашны гаж урсгал ч дураараа орж ирэх энэ хоёр тэнцвэргүй байдлыг та ажиглаж, судалж байгаагийн хувьд ямар дүгнэлт хэлэх вэ? Яавал дээр вэ?
М.Гантуяа: Өмнөх нийгмийн үед шашин шүтэх эрхийг хорьсноор хүмүүсийн сэтгэлийн дотоод амар амгалан, ёс суртахууны эерэг нөлөө хаагдаж, уламжлал, ёс заншлаа хадгалах үйл явц саатсан. Гэтэл өнөөдөр шашин чөлөөтэй болсон ч боловсрол мэдлэг сул, анхаарал хяналт бага болсон үед гаж урсгал, экстремизм зэрэг сөрөг хандлагууд орж ирж, буруу нөлөө үзүүлж байгаа нь үнэн. Шашныг таг хориглон туйлшрах, эсвэл учир шалтгааныг харахгүйгээр муйхар чөлөөт байдлыг дэмжих гэсэн эсрэг тэсрэг хоёр хандлага аль аль нь эрүүл бус хандлага юм. Орчин үеийн нийгэмд шашныг зөв чиглүүлэхийн тулд мэдлэг боловсрол, ухаалаг хяналт, хувь хүний эрхийг хүндэтгэх, ёс суртахуун, нийгмийн хариуцлагатай уялдуулан тэнцвэрийг тогтоох нь хамгийн зөв зам юм.
Хуулиар зохицуулах уу? Хэрвээ сайн хууль баталж чадахгүй бол яах вэ?
М.Гантуяа: Аль болох сайн хууль боловсруулан батлах нь зөв л дөө. Гэхдээ шашны асуудал нэн ээдрээтэй, нарийн, байнгын хөдөлгөөнтэй, хувиралттай байдаг тул зөвхөн хуулиар бүх асуудлыг нэг мөр шийдвэрлэнэ хэмээн найдах нь хангалтгүй. Шашныг зөв чиглүүлэх, гаж урсгалын нөлөөг сааруулахын тулд мэдлэг боловсролоор дамжуулан хүмүүсийг ухаалаг, шүүмжлэлтэйгээр хандах чадвартай болгох, иргэний ухамсар, нийгмийн хяналтыг идэвхжүүлэх, мөн шашныг зөвхөн дотоод амар амгалан тогтоох нөлөөтэй гэж харахаас гадна, амьдралын бодит үүрэг хариуцлага, нийгмийг сайн сайханд чиглүүлэх ёс суртахуун, үнэт зүйлстэй холбох соёлын цогц үзэгдэл гэдэг талаас анхаарч хандах нь хамгийн үр дүнтэй арга зам болно.
Бөө мөргөлийн тухайд нэг асуулт байна. Бөө мөргөлийг сүнс, онгод, тахил, зан үйл, хорио цээрийн ёстой "шашин мөн" гэж үздэг нэг хэсэг байхад, бөө мөргөл бол "монгол уламжлалт мэдлэг ухаан" шашин биш гэж үздэг бөө, зайран, удган, судлаачид байна. Та энэ талаар юу гэж боддог вэ?
М.Гантуяа: Бөө мөргөл нь далдын хийсвэр хүч, сахиус, сүнс, онгод, тахил, зан үйл, хорио цээрийн элемент агуулдаг гэдгээрээ шашны шинж чанартай ч, олон бөө, зайран, удган, судлаачид үүнийг Монголын нүүдлийн соёлоос үүссэн, амьдралд ач тусаа өгөхөд чиглэсэн уламжлалт мэдлэг, амьд ухаан, байгаль, нийгэм, хүний зан үйлийн нэг төрөл гэж үзэх хандлага давамгайлж байна. Тэд асуудалд хандаж байгаа үзэл баримтлал, аргачлалаасаа хамаарч харилцан адилгүй байгаа ч, гол утга нь үндэсний соёл, уламжлалт мэдлэгийн хүрээнд авч үздэг юм.
Саяхан нээлтээ хийсэн таны бүтээлийн талаар ярилцлагаа үргэлжлүүлье. “Чойрын таван боть” бүтээлээ англи хэл дээр хэвлүүлсэн. Энэ бүтээлийнхээ талаар манай уншигчдад танилцуулж өгөөч.
М.Гантуяа: Энэ номын агуулгыг товч танилцуулъя. Чойрын таван боть гэдэг нь ихэвчлэн Төвд Монголын гүн ухааны дацан сургуульд үздэг, Буддын гүн ухааны сургалтын үндэс болсон таван гол судлагдахуун, Буддын гүн ухааны таван гол бүрэлдэхүүн хэсэг бөгөөд шашны сургалтанд бол хуврагууд эдгээр судлагдахууны хүрээнд яригддаг асуудал сэдвээр хоорондоо логик мэтгэлцээн өрнүүлж, гүн гүнзгий мэдлэгтэй эрдэмтэн лам багш нарынхаа удирдлага чиглүүлгээр суралцдаг уламжлалтай. Харин энэхүү ном нь шашны сургалтын дэг жаягаас ангид, шинжлэх ухааны судалгааны арга зүйгээр эдгээр таван судлагдахууныг тайлбарласан бүтээл юм. Таван судлагдахуун нь: Прамана буюу зөв мэдлэгийн тухай логик, Абхидхарма буюу Буддын философийн бүх ойлголт ухагдахуун, асуудал сэдвүүдийг тус тусад ном буюу дхарма хэмээн тодорхойлсон илт номын ухаан, Билиг барамид буюу Абхидхармад нэг бүрчлэн тодорхойлсон бүх номыг нэгдмэл цогц байдлаар ухаарах чинад билиг ухааны тухай онол, Мадхъямака буюу төв үзлийн хүрээнд хоосон чанар, шүтэн барилдлагыг тайлбарласан ухаан, Думта буюу Тогтсон тааллын хүрээнд аливаа гүн ухааны үзэл онолыг Буддын гүн ухааны үүднээс шалгуур тогтоон дүгнэж тодорхойлсон хэсэг – эдгээр таван судлагдахууныг Энэтхэг, Төвөд, Монголд хөгжсөн түүхэн хүрээнд авч үзсэн. Ингэснээр Буддын гүн ухааны үүднээс орчлон ертөнц, хүн нийгэм, мэдлэг ухамсрыг хэрхэн ойлгож, тэрхүү ойлголт мэдлэгээ амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх аргыг системтэйгээр үзэж судлах, оюунаараа дүгнэх, ёс суртахуун, өөрийгөө танин мэдэх чадвар, оюунлаг дадал зуршлыг нэгтгэн боловсруулах, Буддын гүн ухаан судлалын эх сурвалж, сэтгэгчид, үүсэл хөгжил, Монголд дэлгэрэн хөгжсөн үйл явцыг бүхэлд нь харах боломж олдох юм.
Англи хэл дээр хэвлүүлсэн нь дэлхийн эрдэмтэн судлаачдын дунд монголын буддын философийг хэлэлцүүлэх чухал алхам боллоо гэж үнэлж байна.
М.Гантуяа: Орчин үед дэлхийн олон эрдэмтэн судлаачид Буддын гүн ухааны талаар бичиж нийтлүүлсэн ном бүтээл гарсаар байгаа ч, Монголын Буддын гүн ухааны мэргэд, тэдний бүтээл туурвил болон орчин үеийн Монголын Буддын гүн ухаан судлаачдын талаарх мэдээлэл хомс байгаа орон зайг нөхөх үүднээс англиар бичиж хэвлүүллээ.
Бид нэлээд удаан ярилцлаа. Эцэст нь шашин судлаачийн мэргэжлийн болон судалгааны ёс зүйн гол баримтлах гол зарчим юу вэ? Та шавь нар, залуу судлаачдад хандаж юу гэж захиж зөвлөх вэ?
М.Гантуяа: Шашин судлаачийн мэргэжлийн болон судалгааны ёс зүйн гол зарчим нь мэргэжилдээ үнэнч байх, асуудалд объектив бодит байдлаар хандах, задлан шинжлэх, шүүмжлэлт байр суурийг анхаарах, ёс суртахуунд суурилсан судалгаа явуулах, шашин шүтлэг, уламжлалыг хүндэтгэх, хүний эрх, үнэт зүйлсийг хамгаалах явдал юм.
Шавь нартаа хандаж хэлэхэд, мэргэжлийн үйл ажиллагаа болон судалгаандаа өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлоо тулгалгүй, эх сурвалжид тулгуурлан бодитой нягтлан шинжлэх, судалж буй шашны асуудал, зан үйлд хүндэтгэлтэй хандах, шүүмжлэхдээ зөвхөн баримт, тайлбараар гаргалгаа дүгнэлт хийх, аливааг олон талаас уужуу харах, тасралтгүй тэвчээртэй үргэлжлүүлэн суралцах, судалгааны үр дүнгээ зөвөөр тайлбарлаж, аливаа ашиг сонирхолд хамааруулахгүй байхыг зөвлөж байна. Өөрөөр хэлбэл, шашин судлаач гэдэг нь шашныг мэддэг, хүндэтгэдэг, мэргэжилдээ үнэнч, ёс зүйтэй хүн байснаар л сая судалгааны үнэ цэн, нийгэмд өгөх үр нөлөө нь гардаг гэдгийг ямагт санаж яваарай. Танд болон мэргэжил нэгт бүх эрдэмтэн багш, судлаачид, шавь нартаа ажлын өндөр амжилт, хамгийн сайн сайхныг ерөөе.
Үнэтэй цаг заваасаа бидэнд зориулж сонирхолтой ярилцлага өгсөн багшдаа цаашдынх нь эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье.
Ярилцсан: МУИС-ийн багш Д.Оюунгэрэл
