ФИЛОСОФИЙН ТҮҮХ СУДЛАЛЫН ТУХАЙ
Доктор, дэд профессор М.Золзаяа
Философи нь ертөнц ба түүнд хүний эзлэх байр суурь, соёлын олон янз байдал, танин мэдэхүйн уг чанар, харилцаа холбоог эргэцүүлдэг мэдлэгийн салбар. Энэ салбарын түүхийн судалгаа нь хүн оршихуйгаа ухаарах үйл ажиллагаа, арга гэж болох юм. Аристотель өмнөх философийнхоо түүхийг судлаад “аливаа сургалт, шүүн тунгаахуйд үндэслэсэн сургаал нь түрүүнд бий болсон мэдлэгээс эш авдаг” (Даш-Ёндон, Б. Цаг үе: Сэтгэл бодрол, философи. 2012, 11) гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Философийн түүх судлал нь хүн төрөлхтний үзэл санааны, сэтгэлгээний түүхийг илэрхийлдэг. Иймд философичдын судалгааны ажил нь философийн түүхийн хүрээнээс ангид байх бололцоо бага.

Философийн түүхийн судалгаа: Философийн үүсэл, хөгжил, залгамж холбоо, харилцан нөлөөллийг судалдаг. Энэ чиглэлийн судалгаа нь философийн сургууль, урсгал, үзэл баримтлалуудын тархалт, харилцан холбоо, түүхэн өөрчлөлтийг системтэйгээр шинжлэхийг шаарддаг. Үүний тулд философийн социологи, философийн газар зүй, харьцуулсан философи зэрэг арга зүйн хандлагыг ашиглан философийн үзэл санааны орон зай цаг хугацааны тархалт, соёл хоорондын харилцаа, нийтлэг ба ялгаатай шинжийг тодорхойлох нь чухал юм.
Философийн түүх бол эртнээс өнөөг хүртэл философийн мэдлэгийн үүсэл, хувьсал, өөрчлөлт, онолын ухамсарлалын төлөв, реконструкцын үйл явц юм. Философийн урсгал чиглэлүүдийн үүсэл, хөгжлийн үе шатыг хэлбэржүүлэх, нэгтгэн шинжлэх зорилготой судалгааны үйл явцын үр дүн. Иймд тухайн улс оронд философийн түүх судлал ямар түвшинд байгаа нь нийгэм, хүмүүнлэгийн салбарынх нь хөгжлийн түвшинг тодорхойлно ч гэж үздэг. Ф.Ницше ...”Судлаачид бүх болж өнгөрсөн ба үнэлэгдсэн зүйлийг яруу тод, хэлэлцэхэд дөхөмтэй, ойлгомжтой, хялбар болгох ёстой, бүх урт зүйлийг, тэр ч байтугай “цагийг” хураангуйлан өнгөрснийг гэтлэх ёстой” гэсэн нь өнгөрснийг танин мэдэж, сургамж авч өнөөгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ач тустайг сануулсан хэрэг юм. Эртнээс сэтгэгчид өөрийн өмнөх үеийнхний мэдлэгийг шүүн тунгаасаар ирсэн. Аристотель анхны философийн түүхч гэгддэг бөгөөд тэрээр эртний үеийн философийн түүхийг системчлэхээс өмнө “философийн түүх” бие даасан шинж төлөвгүй байсан.
Философийн түүхийн талаар тодорхой хэмжээд судлахгүйгээр философийн мэдлэгийг эзэмших боломжгүй. Философийн түүхийн үе бүхэн философидолтын өвөрмөц аргуудтай байсан. Тэдгээр аргын хооронд ямар залгамж чанар байна вэ гэдэг чухал. Философийн түүхийн үе бүрд янз бүрийн философийн урсгал чиглэл хөгжиж, төлөөлөгчид нь өөр өөрийн онцлогтой үзэл санааг дэвшүүлснийг олж мэдэх нь чухал. Тухайлбал, философийн ойлголтууд бол огт дур зоргын юм биш, харин бие биетэйгээ харгалзан бий болдог (Философи гэж юу вэ? эх бичгийн эмхтгэл. 2006, 39).
М.Монтень (1553-1592) “Хууль цааз, ёс суртахуун, шашны тухай бараг бүх бодол эргэцүүлэл нь өдөр тутмын амьдралын ердийн хэрэг явдлын тухай хүүрнэлтэй сүлжилдсэн байдаг” гэж хэлжээ. Тиймээс бид философийн түүхийн мэдлэг нь өдөр тутмын асуудлыг шүүн тунгаах үед үнэлэмжийн арга болох ач тустай.
Философийн түүх бол өвөрмөц салбар бөгөөд философийн хөгжлийн бодит түүхэн үйл явцыг өөрийн судлагдахуун болгодог. Энэ нь 1/ иргэншил, соёлын нэгдмэл контекст дэх философийн үүсэл, хөгжил; 2/ тухайн нийгэм, соёл дахь философийн хөгжлийн тодорхой үе шатны нөлөө, түүний үнэт зүйлийн хүрээ; 3/ нийгмийн орон зай, цаг хугацааны хязгаарыг даван туулах гэсэн философийн үзэл санаа, үнэлэмж, арга, тэдгээрийн үүсэл, хөгжил гэх мэт. Эдгээр зүй тогтол нь философийн хөгжлийн түүхэн үйл явцыг илэрхийлдэг.
Философийн түүх бичлэгийн арга, хандлага нь шинжлэх ухааны, философи-шашны, мистик-иррациональ үзэл баримтлалуудад түшиглэх зэргээр ялгаатай байдаг. Гэвч философийн тодорхой нэг усргалыг зөвхөн тухайн сэтгэгчийн үзэл санаа эсвэл түүнийг дэмжигчдийн хүрээгээр хязгаарлан тодорхойлох боломжгүй бөгөөд үүссэн түүхэн нөхцөл, үзэл санааны уламжлал, нийгэм-соёлын хүчин зүйлстэй холбон авч үзэх шаардлагатай.
Философийн түүхийн хэв шинжийн ангилал нь тодорхой шалгуур, зарчимд тулгуурлан хийгддэг. Тухайлбал, Хэгел «Логикийн шинжлэх ухаан» бүтээлдээ шинэ үеийн философийн сэтгэлгээг объектив шинжээр нь гурван үндсэн хэлбэрт ангилан авч үзжээ. Үүнд: (1) юмсын үндэс, мөн чанарыг шууд тодорхойлон тайлбарлах метафизик сэтгэлгээ; (2) юмсын үүсэл, эх сурвалжийг ялган шинжлэх рефлексив сэтгэлгээ; (3) өмнөх тодорхойлолтуудыг ахисан түвшинд нэгтгэн холбохыг зорьдог, зуучлагдсан (шууд бус) мэдлэгт тулгуурласан философи сэтгэлгээ орно.
Германы экзистенциал философийн томоохон төлөөлөгч, сэтгэцийн эмч Карл Ясперс (1883–1969) философичдыг тэдний философийн сэтгэлгээний онцлог, хүн төрөлхтний оюуны хөгжилд үзүүлсэн нөлөөгөөр нь ангилан авч үзсэн. Түүнийхээр, эхний бүлэгт Сократ, Будда, Күнз, Исус зэрэг өөрсдийн сургаал, амьдралын хэв маяг хоёр нь салшгүй нэгдэл болсон түүхэн сэтгэгчид багтана. Эдгээр сэтгэгчдийн нөлөө нь үзэл санаагаагаар нь төдийгүй амьдралынх нь үлгэр жишээгээр илэрхийлэгддэг.
Хоёр дахь бүлэг нь нэрт философичдыг хамрах бөгөөд тэд хэд хэдэн дэд бүлэгт ангилагдана. Нэгдүгээрт, Плато, Аврелий Августин, Иммануил Кант зэрэг бүтээл, үзэл санааны гүн гүнзгий нөлөөгөөрөө онцгой байр суурь эзэлсэн сэтгэгчид; хоёрдугаарт, Парменид, Хераклит, Плотин, Бенедикт Спиноза зэрэг метафизикийн чиглэлийн төлөөлөгчид; гуравдугаарт, Томас Хоббс, Готфрид Вильгельм Лейбниц, Иоханн Готлиб Фихте зэрэг философийн үзэл баримтлалыг системтэйгээр хөгжүүлсэн сэтгэгчид; дөрөвдүгээрт, Рене Декарт, Дэвид Юм, Блез Паскаль, Сёрен Кьеркегор, Фридрих Ницше зэрэг уламжлалт философийг шүүмжлэн шинэ чиглэл нээсэн сэтгэгчид багтана.
Гурав дахь бүлэгт хүний оршихуй, амьдралын утга учрыг уран сайхны хэлбэрээр гүнзгий эргэцүүлсэн зохиолч, яруу найрагчид болон жүжгийн зохиолчдыг хамруулдаг. Үүнд Данте Алигьери, Уильям Шекспир, Иоханн Вольфганг фон Гёте, Фёдор Достоевский зэрэг төлөөлөгчид багтдаг. Эндээс зохиолчид философид ойр байдгийг харж болно.
Дэлхийн философийн түүхийг эртний, дундад зууны, шинэ үеийн, орчин үеийн гэж ангилах нь нийтлэг. Мөн бүс нутгийн ангилал /зарим талаар үндэсний шинжтэй/: европын, дорно дахины /энэтхэгийн, хятадын, арабын/ философи.
Философийн түүхийн нэгэн чухал асуудал нь дэлхийн түүхэн үйл явц болон философийн хөгжлийн харилцан уялдаа холбоог тодруулах явдал юм. Үүний зэрэгцээ бүс нутаг, үндэстэн, түүхэн эрин үеийн онцлогийг тусгасан философийн мэдлэгийн хэлбэр байдаг. Иймээс дэлхийн философийн үйл явцыг нэгдмэл тогтолцоо гэж үзэх хандлага болон түүний олон төвт, өвөрмөц хөгжлийг онцолдог үзэл баримтлал зэрэгцэн хөгжиж иржээ.
Дэлхийн философийн хөгжлийг олон талт байдлыг тайлбарлахдаа дараах үндэслэлүүдийг онцолдог. Үүнд:
1.Соёл, иргэншлүүүдэд философи сэтгэлгээ нь харилцан үл хамааран үүсэж хөгжсөн;
2.Энэтхэг, Хятад болон Өрнийн философийн уламжлал нь өөрийн онцлог, сэтгэлгээний хэв маягийг бүрдүүлсэн;
3.Түүхэн тодорхой эрин үе бүр философийн асуудал, арга зүй, үнэт зүйлсийн хувьд өвөрмөц шинжтэй;
4.Тодорхой философичдын үзэл баримтлал, бүтээл нь философийн хөгжлийн бие даасан чиглэл, хэв маягийг бүрдүүлдэг.
Үүнтэй холбоотойгоор зарим судлаач философийн уламжлал бүрийг дахин давтагдашгүй, өөрийн гэсэн дотоод логиктой, бусад уламжлалаар бүрэн тайлбарлагдах боломжгүй хэмээн үздэг. Ийм байр сууринаас авч үзвэл, нэг философийн уламжлалыг нөгөөгийн үзэл баримтлалд хүчээр нийцүүлэх оролдлого нь тухайн уламжлалын өвөрмөц онцлогийг гажуудуулах эрсдэлтэй. Үүний жишээ нь дорнын философийг өрнийн философийн загварт нийцүүлэн тайлбарлах, эсвэл эсрэгээр өрнийн философийг дорнын сэтгэлгээний хэв маягт хүчээр тохируулах оролдлогууд юм.
Аль нэг урсгал чиглэл нь магадгүй дараа үед философийн эргэлт гаргах нөлөө үзүүлж болно. Чухам ийм залгамж нь харьцангуй тогтвортой байснаар “хүн төрөлхтний философи сэтгэлгээ” хэмээх ойлголт бий болжээ. Энэ хамаарал нь түүхэн масштаб дээр оршиж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хэн ч байсан философийн асуудлыг судлахдаа өрнө дорны философичдын үзэл санааны түүхийг үл харгалзвал бүтээл нь үнэ цэнгүйдэх талтай. Эртний үеийн философи нь өрнө, дорнын соёлын оюун санааны суурь хүчин зүйл болсонтой хэн ч маргахгүй буй за.
Бүс нутгийн соёл, философийн хөгжил нь орон зай, цаг хугацааны тодорхой нөхцөлтэй холбоотой байдаг. Тухайлбал, соёл хоорондын харилцан үйлчлэл, оюуны солилцоо эрчимтэй өрнөж, түүхэн холбоо бат бөх тогтсон орчинд философийн шинэ чиглэл, дэг сургууль үүсэж, гарамгай сэтгэгчид төрөн гарсан түүхтэй. Бүс нутгийн соёл ба философи нь хамтдаа “тодорхой” хэв маяийг бүрдүүлдэг, хаана эдгээр нь харилцан бат бөх уягдсан байна тэнд гарамгай сэтгэгчдийн бүтээл, сургууль бий болсон байна. Иймээс нэрд гарсан философичдын бүтээлийг төрөлх хэлээрээ орчуулж, түгээн дэлгэрүүлэх нь философийн түүхийн судалгааг өргөжүүлдэг.
Тухайн үндэстний нийгэм, улс төр, философийн сэтгэлгээний эх сурвалжийг тодорхой философийн урсгал, чиглэл, арга зүйн үүднээс судлах боломжтой. Үүний зэрэгцээ өрнө, дорнын соёлын архетипүүд нь философи сэтгэлгээний судлагдахуун болж, эдгээр нь олон соёл, иргэншилд ижил төстэй сэтгэлгээний хэв маяг бий болоход нөлөөлсөн нь ажиглагддаг. Жишээ нь, ертөнцийн үүслийн талаарх тайлбаруудыг нэрлэж болно.
Соёл хоорондын харилцан нөлөөлөл, солилцоо нь философийн мэдлэгийг харьцангуй байдлаар түгээж байдаг. Иймээс философийн хөгжил нь нэг талаас бүс нутаг, түүхэн эрин үеийн өвөрмөц онцлогийг хадгалдаг бол нөгөө талаас философийн нийтлэг асуудал, үзэл баримтлалын залгамж холбоог агуулсан байдаг. Эдгээр асуудал нь философийн түүхийг харьцуулан судлах арга зүйтэй шууд холбоотой. Философийн түүхчид өнгөрсөн үеийн сургаалыг өнөөгийн онол, арга зүйн үүднээс дахин тайлбарлах, эсвэл тухайн цаг үеийн түүхэн нөхцөл, эх сурвалжид нь тулгуурлан аль болох анхны утгаар нь сэргээн тайлбарлах гэсэн хоёр үндсэн хандлагыг баримталдаг.
Философийн герменевтикийг үндэслэгчдийн нэг Ханс-Георг Гадамер (1900–2002) аргын олон ургалч байдлын ач холбогдлыг онцлон, “Оюун санааны амьдралд эрүүл ухааныг сэргээдэг зүйл нь номлол бус, харин аргуудын тэмцэл юм” хэмээн тэмдэглэсэн байдаг. Харин Жан-Поль Сартр (1905–1980) философийн хямралыг нийгмийн хямралын өвөрмөц илэрхийлэл гэж үзсэн нь философийн хөгжил нь нийгэм, соёлын бодит нөхцөлтэй салшгүй холбоотой болохыг илтгэнэ.
Карл Маркс (1818–1883) “Философичид ертөнцийг зөвхөн янз бүрээр тайлбарлаж ирсэн, харин гол асуудал нь түүнийг өөрчлөхөд оршино” хэмээснээр философийн нийгэмд гүйцэтгэх практик ач холбогдлыг онцолсон. Энэ үүднээс философийг шинжлэх ухаан, урлаг, ёс суртахуун, бясалгалын талаарх үзэл санааны ламжлалыг танин мэддэг салбар гэж болно.
Философийн түүхэнд хандах арга зүй - Философийн түүх нь өнгөрсөн үеийн философийн үзэл санааны үүсэл, хөгжил, харилцан уялдаа, зүй тогтлыг тайлбарлах онолын үндэслэлтэй судалгаа юм. Философийн түүхийг судлах явцад хэд хэдэн арга зүйн алдаа гарч болохыг анхааруулдаг. Үүнд:
1.Редукционизм нь философийн үзэл санааны олон талт, нарийн төвөгтэй хөгжлийг нэг шалтгаан, нэг зарчимд бууруулан тайлбарлах хандлага.
2.Телеологизм нь философийн түүхийг урьдчилан тогтоогдсон зорилго, төгсгөлийн цэг рүү чиглэсэн үйл явц гэж үзэх хандлага.
3.Историцизм нь философийн үзэл санааг зөвхөн тухайн цаг үеийн түүхэн нөхцөлөөр тайлбарлаж, түүний философийн түгээмэл ач холбогдлыг орхигдуулах хандлага.
Эдгээр арга зүйн хязгаарлалтыг даван туулахын тулд философийн түүхийг олон талт эх сурвалж, харьцуулсан судалгаа, герменевтик тайлбар, шүүмжлэлт шинжилгээнд тулгуурлан судлах шаардлагатай юм. Энэ нь философийн үзэл санааны түүхэн нөхцөл болон онолын үнэ цэнийг тэнцвэртэй үнэлэх боломжийг бүрдүүлдэг билээ.
Философийн түүхийн мэдлэгийн мөн чанарыг хэлэлцэх явцад энэ нь философи уу, түүх үү гэсэн асуулт ургаж гардаг байна. Философийн түүх өөрөө философи мөн үү? - Философийн түүх нь өнгөрсөн үеийн философичдын үзэл санааг цаг хугацааны дарааллаар эмхэтгэн өгүүлсэн зүйл биш. Харин философийн асуудал, үзэл баримтлалын үүсэл, хөгжил, залгамж холбоог философийн үүднээс эргэцүүлэн тайлбарлах судалгааны чиглэл юм. Энэ утгаараа философийн түүх нь орчин үеийн философийн асуудлыг ойлгох, философийн өөрийнх нь хөгжлийн логикийг тайлбарлах рефлексив шинжтэй. Философийн түүхийн судалгаанд философийн сургууль, урсгал, чиглэлүүдийн үзэл санааны үүсэл, түүхэн нөхцөл, логик, цаашдын нөлөөллийг цогц авч үзэх шаардлагатай. Иймээс философийн түүхийн судлал нь философийн өөрийнх нь хөгжлийг эргэцүүлэн судалдаг мета түвшний судалгаа гэж болно.
Философийн түүх өөрөө түүх үү? - Философийн түүхийг сэтгэлгээний түүхийн нэгэн салбар гэж үздэг боловч түүний судлах зүйл нь улс төр, эдийн засаг, нийгмийн үйл явдал бус, харин философийн үзэл санааны үүсэл, хувьсал, залгамж холбоо байдаг. Иймээс философийн түүх нь түүхийн судалгааны эх сурвалж, баримт, түүхэн нөхцөлийг ашиглаж болох ба үүнд философийн шинжилгээ, ойлголтын тайлбар, үнэлгээг давхар шаарддаг онцлогтой. Философийн түүхийг зөвхөн философичдын намтар, амьдралын түүхээр орлуулах боломжгүй. Учир нь философичдын амьдрал, түүхэн орчин нь тэдний үзэл санааг ойлгоход чухал ач холбогдолтой боловч философийн түүхийн үндсэн зорилго нь тухайн хүний намтрыг бус, харин түүний философийн үзэл санааны мөн чанар, онолын хувь нэмэр, түүхэн ач холбогдлыг тайлбарлахад оршино.
2026 оны 8 дугаар сарын 2-ны өдөр
